Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МОНГОЛ ГЭР БҮЛ СУДЛАЛЫН АСУУДАЛД
Өрх гэрийг түүхэн хөгжлийх нь үүднээс задлан шинжилж, эзэлж байгаа байр суурийг нь тодорхойлох шаардлага зүй ёсоор гарч байна. Монгол Өрх гэр ер нь ямар түүхтэй хөгжлийн замыг туулсан, цаашдын хандлага нь ямар байх юм бол гэсэн асуудал Монгол гэр бүл судлалын өмнө тавигдах боллоо.
Сүүлийн жилүүдэд зарим эрдэмтдийн ном бүтээлд Монголчуудын Өрх гэрийн асуудлаар зарим нэг ном, өгүүлэл нийтлэгдсэнийг эс тооцвол шинжлэл судлалын хүрээнд Монгол Өрх гэрийн судлал байраа эзлээгүй байна. Нүүдэлч Монголчуудын дунд Өрх гэр / Гэр бүл  Т.Н/ -ийн үүсч хөгжих явцад буй болсон Монгол Гэр бүл судлалын асуудлыг бүхэлд нь шинжлэх ухааны үүднээс нэгтгэн дүгнэж, түүхчилэн тодорхойлох явдал бол Монголын гэр бүл судлалын ухаанд шинжлэх ухааны нь хувьд ноогдож буй гол судлагдахуун мөн.
Өрх гэрийн түүх судлал нь Гэр бүл судлалын онолын асуудлуудад тулгуурлаж нийгмийн түүх судлалын хүрээнд хөгжиж буй мэдлэг дундын салбар хэмээн үзэж болно. Өрх гэрийн судлалыг хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухааны олон салбартай салшгуй харилцан холбоотой.
Энэ нь Өрх гэрийн судлалын судлах зуйл, зорилтоос урган гарч байгаа юм. Монголчуудын Өрх гэрийн судлалын цаашдын чухал зорилтын нэг бол Монголын байгаль, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбартай нягт ажиллах явдал юм. Монголчуудын угсаа гарвалын судалгаанд зохих хувь нэмэр болсон доктор Ж.Батсуурийн судалгаа  нь Монголын байгалийн шинжлэх ухааны эрдэмтэд Монголын Өрх гэрийн түүхийн судлалыг хөгжүүлэхэд өргөн боломж байгааг харууллаа.
Угсаа гарвалын судлал нь хүн, удам угсаа, овог, төрөл садан, айл өрх гээд олон асуудлыг олон талаас нь судлахад ач холбогдлоо өгч байна.
Өрх гэр бүлийн судлал нь угсаатны зүйн улмаар нийгмийн түүхийн шинжлэх ухаантай нягт хөгжих болж байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.
Жишээлбэл : "Өрх бүл" гэх нийгэм, түүхэн ойлголт гэхэд л их агууламжтай. "Өрх гэр" гэсэн ухагдахуунаас нийгэм, түүх, овог / эхийн болон эцгийн эрхт ёс/-ийн байгуулал, хүн, ураг төрлийн холбоо, гэрлэлт, ёс заншил гээд олон ойлголтууд гарч ирж байгаа юм. Тэгэхлээр Өрх гэр бүл цогцолбор, динамик шинжтэй ойлголт юм. Чухам ингэж хандах юм бол Өрх гэрийн өөрийн нь мөн чанарыг гаргаж чадна, өрх гэр өөрөө зохион байгуулагдсан систем мөн.
Сүүлийн үед Гэр бүл судлалын шинжлэлд арга зүйн шинэ хандлага гарч байгаа нь Монголын Өрх гэрийн судалгааг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Өрх гэрийн судлалыг түүхэн хүн судлалын хандлагатай болгохыг анхаарах шаардлагатай болж байна. Систем арга нь Өрх гэрийн судлалын арга зүй болох учиртай.
Нэгэн Өрх гэр гэхэд эцэг /нөхөр/, эх /эхнэр/, үр хүүхдүүд, цөм хоорондоо харилцсаар, амьдарч ажиллахдаа харилцан дэм болсоор, садан болсоор байдаг нь зохион байгуулагдсан хүмүүсийн систем нийлбэр болдог. Нийгмийн ухааны онол, арга зүйн шинэ хандлага нь Монгол Өрх гэрийн судлалд шинэ боломжийг нээж өгнө.
А.Я.Гуревич /Франц/ түүхийн судалгааг овог, аймаг, хүй, гэр бүл, нөхөр мэтийн тухай бичил түүхийн судалгаа болгох талаар санал дэвшүүлсэн байна. 
Нүүдэлчдийн түүхийг судлахдаа Академич Ш.Нацагдорж агсаны онцлон тэмдэглэснээр "тэдгээрийг дотор нь ялгаж салгаж үзэхгүй, нийтэд нь хавтгайруулдагаас нүүдэлчдийн энэ тэр хэсгийн нийгмийн хөгжлийн төвшинг тодорхойлохдоо алдаатай дүгнэлтэд хүрэх явдал цөөнгүй байна" 
Ингэж хандсанаас эртний өрх гэр, түүний үүсэл, бүтэц, хэлбэр, онцлог, хөгжлийн онцлогийг хайхрахгүй ерөнхийлөн «овгийн байгуулал» хэмээн бичих нь олонтаа болжээ.
Австрийн Вена дахь Нийгмийн түүх, эдийн засгийн институтын эрдэм шинжилгээний ажилтан, гэр бүлийн түүх судлаач Райнхард Зидер Нийгмийн түүхийн салбарт "Гэр бүлийн түүх судалгаа"-г нэг гол чиглэл болгохын төлөө олон жил ажилласны дүнд Баруун, Төв Европын сүүлийн хоёр зуу гаруй жилийн гэр бүлийн нийгмийн түүхийн асуудлаар туурвисан бүтээлдээ гэр бүлийн хөгжлийн түүхэн гол / гэрийн хөдөлмөр, эцгийн эрхт ёс, нийгэм, гэр бүлийн тогтолцоон дахь хувьсал, гэр бүлийн эзлэх байр суурь, гэрлэлтийн зан үйл, үр хүүхэд, ахмадын харилцаа, бэлгийн харьцаа зэрэг/ асуудлыг бичжээ. 
Р.Зидерийн Гэр бүлийн нийгмийн түүхийн талаар хийсэн судалгаа нь Евро Азийн Гэр бүлийн түүхийн судлалд шинжлэх ухааны арга зүйн ач холбогдолтой юм. Зарим эрдэмтэдийн дунд нүүдэлчдийн нийгмийн байгууллын бүтцийг хэдэн мянган жилийн турш огт өөрчлөгдөхгүй уламжлан ирсэн гэж тайлбарладаг тал байна. Тийм биш юм. Тухайн нэг орноос, түүхийн тодорхой эрин үеийн хүмүүсийн оршин сууж байгаа нийгмийн ёс журам нь нэгэн талаар Өрх гэрийн хөгжлийн шатаар нөхцөлдөж байдаг.
Нийгмийн хөгжлийн үе шат бүхэнд Өрх гэр нь хөгжин хувьсаж байдагийн зэрэгцээ нийгмийн харилцааны тусгал болж байдаг. Тийм учраас Өрх гэрийн хөгжил, хувьслыг цаг хугацааны дэвсгэр дээр ангилан үзэх нь Өрх гэрийн түүх болдог.
"Нэг орны, түүхийн тодорхой эрин үеийн хүмүүсийн оршин сууж байгаа нийгмийн ёс журам нь нэг талаар өрх гэрийн хөгжлийн шатаар нөхцөлдөж байдаг.
Ф.Энгельс
Монголчуудын Өрх гэр нь олон зууны туршид хувьсан өөрчлөгдөж ирсэн түүхтэй болох учраас түүний түүхэн хөгжлийн шатыг үечлэн тус тусад нь судлах нь шинжлэх ухааны ач холбогдолтой.
 
 
Г.Морган эцгийн эрхт ёсон дээр үндэслэн омгийн урьдах шат нь эхийн эрхт ёсон дээр үндэслэсэн анхны омог байсныг нээсэнг Ф.Энгельс балар эртний түүхэнд нэн чухал болохыг тэмдэглэсэн байдаг.
Өрх гэрийн түүхийн судлалын үндсийг тавигчдын онол арга, зүйд тулгуурлан Монголчуудын эртний Өрх гэрийн түүхэн хөгжлийг :
- Эхийн эрхт ёсны үе дэх Өрх гэр /нэн эртнээс хүрлийн үе/
- Эцгийн эрхт ёсны үе дэх Өрх гэр, гэр бүл /хүрлийн үеэс манай тооллын XII зуун/ гэж үечилэн судлах нь зүйтэй гэж үзэв. Ингэж үечлэн судлах ч боломжтой.
Учир нь :
Нэгдүгээрт: Балар эртний Өрх бүлийнхний байдалтай зэрэгцүүлэхэд овгийн байгуулал /эхийн болон эцгийн эрхт ёс тогтож байсан, феодалын харилцаа үүссэн/ нь нүүдэлч Монголчуудад хөгжлийн шинэ хэлбэрүүдийг авчирч өгсөн байна Энэ үеүдэд нүүдэлчид урагшилан, ялангуяа Өрх бүл, өрх гэрийн харилцаанд томхон өөрчлөлтүүд гарсан онцлогтой.
Хоёрдугаарт: МЭ XII зуунаас өмнөх үе бол Нүүдэлч Монголчуудын түүхэнд эргэлт гарч, Монголд овгийн байгуулал задарч эцгийн эрхт ёсны /хос гэр бүл/ үе тогтож, феодализмд дэвшин шилжих, феодалын харилцаа тогтож эхэлсэн түүхэн чухал үе юм.
Гуравдугаарт: Монголд феодализмын харилцаа XIII зуунаас өмнө Хүннү улсын үеэс үүсч, хөгжиж байжээ гэж Монголын түүх бичлэгт тэмдэглэгдэх болсон байна. "Түүхийг үечлэх нь түүний үе тус бүрийн онцлог шинжүүдийг нээн гаргаж, танин мэдэж, түүгээрээ дамжуулан судалж байгаа болон танин мэдэх гэж буй зүйлийн мөн чанарт нэвтрэн орох нэгэн боломжийг бүрдүүлдэг байна". 
"Түүхийг үечлэх нь түүний үе тус бүрийн онцлог шинжүүдийг нээн гаргаж, танин мэдэж, түүгээрээ дамжуулан судлаж байгаа болон танин мэдэх гэж буй зүйлийн мбн чанарт нэвтрэн орох нэгэн боломжийг бүрдүүлдэг байна."
Өрх гэр нийгэм доод шатнаас дээд шатанд дэвшин хөгжихийн хирээр доод хэлбэрээс дээд хэлбэрт шилжиж байдаг.
Өрх гэрийн талаар гарсан дэвшилтийг тусгаж, өрх гэр эрс өөр болсны дараа төрөл садангийн систем эрс өөрчлөгддөг жамтай. Чухам энэ үүднээс үзвэл Монгол оронд нийгмийн өргөн хүрээнд гүнзгий, эрч өөрчлөлт явагдаж байна.
Гэр бүлүүдэд эрс өөрчлөлт гарах эхлэл тавигдаж байна. Тэгэхээр ураг төрлийн холбоонд үндэслэгдсэн садан-төрөл-хамаатны систем хэрхэн өөрчлөгдөх нь вэ? гэж хүлээлгүй хариуг өгөх ёстой. Ye үеийнхний хөндийрөл нэмэгдэх хандлага бий боллоо.
Ойрын ирээдүйд /15-20жилд/ эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн шинэ үе бий боллоо.
XXI зуунд эр, эмийн харилцааны хэлбэрийн тухай бидний таамаглан бодож болох зүйл, хөгжлийн хандлага ямар чиглэлтэй байж болох вэ?
Юуны өмнө эмэгтэйчүүдийг мөнгөөр буюу нийгмийн эрх мэдлийн хэрэгслээр худалдаж авахгүй болох эрэгтэйчүүдийн шинэ үе, нөгөөтэйгүүр жинхэнэ дурлалаас өөр ямар нэгэн түлхээсээр эр хүнтэй бие нийлэхгүй, эдийн засгийн үр дагавраас /эмэгтэйчүүд эдийн засгийн талаар дарлагдаж ирсний үр дүн нь эр, эм хоёрын эрхийн тэгш бус байдал байсан/ айж дурласан эрэгтэй хүнийгээ ойр дотно байхаас татгалзахгүй болох эмэгтэйчүүдийн шинэ үе эхлэнэ.
Эдгээр шинэ үеийнхэн яавал эохихоо өөрснөө мэдэх болно.
Морганы бичсэнээр Соёлжилтийн үед хөгжсөн нийгмийн байгууллагуудыг түүхийн үүднээс судлах явдал номын хүрээнээс халина.
Өрх гэрийн цаашдын хөгжлийн шинэ үе эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бүрэн тэгш эрхтэй болох явдлаар эхлэнэ.
Глобаль хөгжлийн орчин дахь монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өөрөө манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байгаа юм.
Гэр бүлийн нийгмийн үүрэг өсөн нэмэгдэхийн хэрээр түүний хөгжлийн зүй тогтол, нөлөөлөгч гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн судалгаанд өгөх ач холбогдол ч мөн нэгэн адил өсч байна.
Монгол өрх гэрийн судлалын асуудлыг Төв Ази тухайлбал Монгол орноор хязгаарлан үзэж болохгүй нь мэдээж.
Ийм учраас харилцан хэлхээ холбоотой байж, бие биедээ соёлынхоо нөлөөг аль нэг хэмжээгээр тусгаж байгаа асуудлыг судлахын тулд нэгэн сэдэв, нэгдсэн төлөвлөгөөтэй судалгааг Монгол, Өрнө, дорнын орнуудад хийх нь шинжлэх ухаанд илүү ач холбогдолтой.
Нүүдэлч Монголчуудын Өрх гэрийн судлалыг гүнзгийрүүлэхэд хүн судлагчид, эртний нийгмийн мэргэжлийн түүхчид, эрх судлагчид нэгдэн нэмэгдээсэй.
Баримт бичиг, эрдэмтдийн судалгаанаас үзвэл Монгол улсад Монгол гэр бүл судлал үүсч, хөгжихийн эхлэл тавигдаж байгаа ч, Монгол өрх гэрийн судлалын суурийг хяналтын идэвхи хүчээр баттай тавих шаардлагатай болох нь харагдаж байна.
Монгол Өрх гэрийн хөгжил, хувьсал, өөрчлөлтийг он цагийн хувьд нааш улируулан "XII-XVII зууны үe", "XVII-XX зууны эхэн үе", "Социализмын үе"-ийн гэх шатаар судлах шаардлагатай юм.
Чухам ингэж чадваас хойч үедээ "Монгол Өрх гэр" гэсэн түүхтэй боллоо гэж омог бардам хэлэх юмтай болно.
Монгол Өрх гэр тэгж үүсч, хувьсан өөрчлөгдөж иржээ гэдгийг мэдэх нэг хэрэг. Харин энэ нь Өрх гэрийн цаашдын хандлагад практикийн төдийгүй шинжлэх ухааны ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байгаа юм.
Г.Морган хэрэв өрх гэр дөрвөн хэлбэрийг дараалан туулаад тав дахь хэлбэртэй байгаа тэр баримтыг зөвшөөрөн хүлээвэл, энэ хэлбэр цаашдаа удаан хугацаагаар үргэлжлэн байх уу? гэдэг асуултыг өөртөө одоогоос 140-өөд жилийн өмнө XIX зуунд тавьсан байдаг.
Тэгвэл хүн төрөлхтөн даяараа XXI зуунд орж нийгэм өөрчлөгдөн хөгжсөөр. Морганы тавьсан асуултанд XXI зууны нийгмийн хөгжлийн хандлагыг баримжаалан өрх гэрийн өнөөгийн бүтэц, хэлбэрүүд нийгмийн хэрэгцээг хангаж чадах уу, ямар шүү чиг баримжаатай байх вэ? гэдэг үүднээс хариулах ёстой.
Дэлхийн улс түмнүүдийн адил Монголын ард түмэн шинэ эрчтэй хөгжил, эрч шинэчлэл өөрчлөлтийн үe —XXI зуунд шилжин орж байгаа үед өрх гэрүүд маань мөн л өөрийн хөгжлийн эгзэгтэй шатанд нэгэнтээ орлоо.
Учир иймээс Монгол Өрх гэрийг анхаардаг эрдэмтэд, миний гэр бүл судлалаар бэлтгэгдсэн шавь нар дотроос Монгол гэр бүлийн өөрчлөлт, хувьсалт, төлвийг үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэйгээр "Өнгөрсөн —Одоо —Ирээдүй" гурван цагийн холбоонд нь судлаж, тулгамдсан асуудлуудад хариу өгсөөр байна гэдэгт гэр бүл судлаач эрдэмтний хувьд бат итгэлтэй байна.
Өрх гэр нь нийгэм хөгжихийн хирээр хөгжиж, нийгэм өөрчлөгдөхийн хирээр өөрчлөгдөж байх жамтай. Яагаад вэ? гэвэл Өрх гэр /гэр бүл/ нь "нийгмийн тодорхой системийн бүтээгдэхүүн мөн учраас түүний хөгжлийн байдлыг тусгаж байх болно" 
Өрх гэр хэзээ ч өөрчлөлтгүй байдаггүй.

Монголчуудын маань удам эрүүл, ухаан саруул, ажил үйлс нь өрнүүн бадарч байх болтугай.
 
Гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжил
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats