Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дүнэлт
ГЭР БҮЛ , ТҮҮХ , УЛАМЖЛАЛ
Профессор Т.Намжилын нэг томоохон бүтээл нь "Монгол өрх гэр /бүл/-ийн түүх" /2007он/ ном юм. Уг бүтээл нь хэд хэдэн онцлог асуудлыг дэвшүүлсэн байна.
Нэгдүгээрт: Монголчуудын гэр бүлийн эртний үүсэл, ахуйн онцлог, хөгжил шинэчлэлийг хадны сүг зураг, булш бунхны олдвор, хүн чулууны агуулгын дүрслэл зэргээс эрж хайж, олж шинжлэн тодруулсан байна.
Судалгааныхаа явцад "Хадны зураг дотор эрэгтэй, эмэгтэй хүний энгэр зөрүүлж байгааг янз бүрийн хэлбэрээр үзүүлсэн байдаг нь өнгөц харахад зугаа цэнгэлийн сэдэвтэй мэт боловч уг утгаараа үр хүүхэд бэлгэдэж удам угсаагаа залгамжлах цусан төрлөө эрхэмлэсэн" гэх зэргээр өөрийн санааг илэрхийлээд энэ бүхэндээ тулгуурлан "... одоогоос мянгаад жилийн өмнө төв Азид, тухайлбал нүүдэлчин Монголчуудын дунд" тоонотой гэрт толгой холбож амьдрах өрх гэр /гэр бүл/ үүссэн болохын үндэслэл болж байна" гэсэн урьд өмнө хэн ч хэлээгүй цоо шинэ дүгнэлт өгсен байна.
Мөн Монголчуудын гэр бүлийн асуудлаар дагнасан судалгаа хараахан хийгдээгүй боловч эрдэмтэн Д.Гонгор, Ш.Нацагдорж, Ч.Далай, Х.Пэрлээ, Х.Сампилдэндэв, Г.Сүхбаатар, Д.Төмөртогоо зэрэг хүмүүс өөр сэдвийн хүрээнд гэр бүлийн асуудлыг ямар нэг хэмжээгээр хөндөн тавьсныг баримтаар тусгасан байна. Мөн Л.Г.Морган, Ф.Энгельс, М.Ковалевский зэрэг гадаадын эрдэмтдийн онолын судалгааг дурдаад, улмаар Монгол судлаач тухайлбал Плано Карпина, Гильом Рубрук, Рашид-Ад-дин, Б.Владимирцов, Г.Рамстед, Ш.Ивамура зэрэг гадаадын эрдэмтдийн судалгааг өргөн ашигласан нь уг зохиолын дэвшүүлсэн асуудлыг улам сайнаар нөхцөлдүүлсэн байна. Эдгээр баримтыг нэгтгэн Т.Намжил Өрх гэрийн түүхийн судлалын үндсийг тавигчдын онол арга, зүйд тулгуурлан Монголчуудын эртний Өрх гэрийн түүхэн хөгжлийг :
--Эхийн эрхт ёсны үе дэх Өрх гэр /нэн эртнээс хүрлийн үе/
--- Эцгийн эрхт ёсны үе дэх Өрх гэр, гэр бүл /хүрлийн үеэс нийтийн тооллын XII зуун/ гэж үечлэн судлах нь зүйтэй гэж үзжээ.
Ингэж үечлэн судлах ч боломжтой гэдгээ.
Нэгдугээрт: Балар эртний Өрх бүлийнхний байдалтай зэрэгцүүлэхэд овгийн байгуулал / эхийн болон эцгийн эрхт ёс тогтож байсан, феодалын харилцаа үүссэн/ нь нүүдэлч Монголчуудад хөгжлийн шинэ хэлбэрүүдийг авчирч өгсөн байна. Энэ үеүдэд нүүдэлчид урагшлан ялангуяа Өрх бүл, өрх гэрийн харилцаанд томхон өөрчлөлтүүд гарсан онцлогтой.
Хоёрдугаарт: Нийтийн тооллын XII зуунаас өмнөх үе бол Нүүдэлч Монголчуудын түүхэнд эргэлт гарч, Монголд овгийн байгуулал задарч эцгийн эрхт ёсны /хос гэр бүл/ үе тогтож, феодализмд дэвшин шилжих, феодалын харилцаа тогтож эхэлсэн түүхэн чухал үе юм.
Гуравдугаарт: Монголд феодализмын харилцаа XII зуунаас өмнө Хүннү улсын үеэс үүсч, хөгжиж байжээ гэж Монголын түүх бичлэгт тэмдэглэгдэх болсон байна гэх мэтээр өөрийн онолын үзэл баримтлалаа дэвшүүлсэн байна.
Хоёрдугаарт: Монголчуудын Эхийн эрхт ёс, эх эцгийн эрхт ёсны үеийн ёс суртахууны асуудлыг судлан боловсруулжээ. Үүнд ялангуяа тухайн нийгмийг хамран ноёрхож байсан зан үйлийн хэв шинжтэй асуудал болох ургийн бичгийн үүсэл, үргэлжлэл, сүй тавих ёс, ураг барилдах зан үйл, бэрийг хулгайлах ёс, гэрлэх, дахин гэрлэх үйлдэл, хардалт зэргийг сурвалж бичиг, судалгааны ном зохиолд тулгуурлан судалсан байна.
Энэ явцдаа "Ургийн гол шинж тэмдэг нь эхийн эрхт ёсны үед "ургийн ураг", өөрөөр хэлбэл эцгийн эрхт ёс, феодализмын хөгжлийн үед ' үрийн үр" буюу эцгийн хойч үе гэх санааг агуулах болжээ" гээд сүй тавихад бэлэг сэлт үлэмж хэмжээгээр орж байсан, хүүхнийг хулгайлж / оргуулж Д.Э/ авдаг эртний хүмүүсийн дунд хардалт, бэлэг буцаах зан заншил байсныг илрүүлсэн байна. Энэ судалгааны өөр нэг шинэлэг тал нь "Алтан сав" шүтэх зан үйлийг анх удаа тодорхойлсноороо шинжлэх ухааны талаас нь өндөр үнэлгээ өгч болмоор байна. Энэ бол эхийн умайг шүтэх зан үйл тул Монголчуудын хувьд нийтлэг шинжтэй юм.
Ийнхүү Монголчуудын ураг төрлийн зан үйлийг тодруулсан нь доктор Т.Намжилд Монгол гэр бүлийн тогтолцоог судлах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Тиймээс ч Монголчуудын дунд олон үе дамжин уламжилсаар ирсэн"ясан терел", "цусан терел" гэдэг ойлголтыг нэн хүчтэй тодруулан тал бүрээс нь тайлбарласан ажээ. Зохиогчийн бичсэнээс иш татвал:
"Монголчуудын дунд Мал аж ахуй, ан агнуур зэрэг амьдралын голлох салбарт эрэгтэйчүүдийн ноёрхол давамгайлсан хөдөлмөрийн хуваарь тогтож, хувийн өмч үүсч хөгжсөн нь Өрх гэр бүлийн харилцаанд шууд тусчээ. Энэ нь үр хөвгүүдийг эцгээр овоглож, өв хөрөнгийг эцгийн тал /шугам/-ыг баримтлан евлүүлэх болгожээ.
Үүний нөгөө талд эхийн эрхт ёс суларсан нь эцгийн эрхт ёс ноёрхсоны үр дагавар болоход хүргэжээ. Ингэснээр эхийн тал /шугам/-ыг баримталж байсан хүмүүсийн удам гарлын биологи тодорхойлолт болох "ясан" ойлголт нэгэнтээ тогтсон байна.
Эцгийн эрхт феодалын ёсны нөлөөнөөс шалтгаалан Монголын нийгмийн дунд эцгийн талын төрлийг илүү хүндэтгэн эрхэмлэх үзэл ноёрхох болжээ. Үүнийг Эрийн угсаа баримталдаг Дан удамт өрх бүл гэдэг.
Монголд феодалын харилцаа бүрэлдэн тогтосноос хойш цусан терлийн байр суурь буурч, ясан төрлийн тал илүүтэй болсон нь анги, нийгмийн холбоотой үзэгдэл юм.
"Яс махны хэлхээ холбоог зөвхөн эхийн талаар мэддэг байсан явдал төрөл садны анхны систем байсныг илтгэнэ" гэх мэтээр тухайн нийгмийн хэв шинж тогтолцоотой холбон тайлбарлаад улмаар:
"Монголчууд Үеийг насны хэмжээгээр тухайлбал насны нэгэн үеийг 20-25 насаар, ураг барилдах ёсонд 13 насаар, 9 үеэр барагцаалах болжээ. Эдгээрийн учир гэвэл:
l.Yp хүүхдээ 20-25 насны үедээ угсаа удам залгах ёстой гэж үздэг нь үнэхээр амьдралаар шалгагджээ. Өөpөөp хэлбэл хүн өсвөр үеэс залуу уедээ шилжиж, бүх талын төлөвших эхлэл тавигддаг онцлогтой үе юм.
Монголчууд хөвүүнээ 18-25 наснаас, охиндоо 17-21 наснаас нь Өрх гэр болгож, өмч хөрөнгө тасдан өгч, өрх тусгаарладаг заншилтай. Охиноо 17 нас хүрэхэд "цусан тамир" нь гүйцсэн гэж эрд өгдөг. Хөвүүнээ бол 18 нас хүрэхэд "цусан чөмөг" нь бүрэлдсэн хэмээн эхнэр авахыг зөвшөөрдөг байжээ.
2.Ураг холбохын тухайд гэвэл өөрийн төрсөн он /хий нас/-ыг оролцуулан арван гурван жилийн дотор эр, эм /хань нөхөр/ бололцоход насны тэнцвэр алдагдаж харшлахгүй, харин арван гурваас холдвол тохиромжгүй хэмээн хориглох болжээ.
Арван гурван насны хоорондох хүмүүсийг "үе сацуутан", "ойр үетэн", "нэгэн үеийнхэн" гэцгээдэг ба насны хэмжээ дээрхи жилээс холдохул "үе мултрах" юмуу "мултарсан үе" гэдэг.
Ийнхүү барагцаалан хэмжээлэх нь Төв Азид тухайлбал Монголчуудын дунд дэлгэрсэн арван хоёр жилийн ёсонтой холбон уул хүний төрсөн он давтагдах буюу жил орохуй-мөчлөгийг харгалзан нэгэн мөчлөгийн дотор ураг-худын зохицол бүхий гэж үзэх болсонтой холбоотой.
Арван хоёр жилийг лавтайяа хэрэглэж байсанг Монголын анхны төр улс-Хүннүгийн үед холбогдох эртний судлалын олдвор-арван хоёр жил бүхий хүрэл толь гэрчилдэг.
З.Ураг барилдах үеийг 9-өөр хязгаарлан түүнийгээ түгээмэл баримталдаг болжээ. "9 гэсэн тооны тухайд эртний монголчуудын бөө мөргөлийн шүтлэг тахилганд аливаа сайн, саар зүйлийг есийн тоогоор хэмжигдэхүүн болгон хэлэлцдэг, амьдралыг тэтгэгч болон үгүйсгэгч есөн тэнгэр байдаг хэмээсэн төсөөлөлтэй холбон үздэг тал бий" гэх зэргээр Монголчуудын зан заншилын үзэл санаанд тулгуурлан баталгаажуулсан байна.
Эдгээрээс үүдэн Их гэр бүл, бага гэр бүл үүсэн төлөвшсөн ажээ. Тэнд бас ёс суртахууны тогтсон төлөвшил бий болжээ. Судлаачийн тодруулснаар өв залгамжлах ёс нь:
1. Оюуны,
2. Хөрөнгийн,
3. Нэр төрийн гэсэн тогтолцоотой байж. Чухамдаа энэ тогтолцоо нь овог нийтээр дагаж мөрддөг:
--Гал голомт
-- Эе цуглаан 
--Шүтлэг тахилга 
---Уриа хашгираа 
---Хойллого, даллага
-----Оршуулга зэрэг өвөрмөц зан үйл бий болсон байна. 
Гуравдугаарт: профессор Т.Намжилын энэхүү бүтээлийн өөр нэг шинэлэг онцлог бол гэр бүлийн ялангуяа ёс суртахууны асуудлыг дорно,  өрнийн орныхтой харьцуулан судалсан явдал юм. Үүнийг ерөнхийд нь хэлбэл хүн төрөлхтний нийтлэл асуудлыг анхаарсны үр дүн гэлтэй. Үүнийгээ нийтийн тооллын өмнөх III мянган жилийн /одоогоос Y мянган жилийн/ тэртээ одоогийн Болгарын нутаг, Хар далайн дагуух нутаг, Кавказын уулархаг газар, Сибирь, Тев Азийн нутаг дэвсгэр дээр нутаглаж байсан эртний малчин овог, аймгууд ханат, тэрэгт гэрийг сууцанд ашиглаж байсан төдийгүй тэр нь хэлбэр, хийцийн хувьд XIII зууны тэрэгт гэрийн хэлбэртэй ижил байжээ.
Монгол ба Азийн орнуудад жирийн гэр бүлээс гадна Ромын Fa-milia тохирох нарийн нийлмэл гэр бүл байжээ. Ийм гэр бүлийг Ази тивийн улс орнуудад янз бүрээр нэрлэсээр иржээ.
Монголд Их гэр гэцгээдэг авч, ихэвчлэн "Баруун гэр" гэж хүндэтгэн ярьцгаадаг. "Баруун гэр"-т гал голомт, бурхан шүтээн нь байдаг.
Буриад Монгол, Монгол улсын баруун хойт нутаг, Европ, Орост том гэр, Өвермонголд Гүн гэр гэдэг. Нэгэн гэрийн эр эм хос ба тэдний хүүхдүүдээс бүрдсэн гэр бүлийг гол төлөв Кэргэн гэж Якутад ярьдаг. Якут нарын дунд 19 дүгээр зууны сүүлчээр хийсэн судалгааны материалыг ажихад Кэргэн гэдэг нь хоёр салаа утгыг агуулах бөгөөд нэг талаар юуны өмнө нэгэн гэрийхэн, ам бүл-гэсэн утгатай. Ингэснээр эх, эцэг, эхнэр, нөхөр хүүхэд ер нь нэгэн гэрт суудаг хүмүүсийг хамааруулдаг байжээ.
Солонгосын феодалын ёст улсын үед нийгмийн үндсэн нэгж ба балар эртний /патриархал/ Их гэр бул-илчок хэмээх эцгийн эрхт бүлэг болж иржээ.
Илчок нь нэгэн өвөг дээдсийн эцгийн удам угсаатныханы үүсгэсэн мөн тэрхүү овгийн нэрээр нэрлэгддэг хэсэг бүлэг гэр бүлийг хэлдэг байсан бололтой.
Японд нэгэн овгийн доторхи /үндсэн/ гэр бүлийг Хонкэ гэдэг. Харин гэрлэсэн ах эгч, дүү нар нэг гэрт суух нь туйлын ховор байжээ. Энэ нь их гэрээс бага гэр бүлүүд тусгаарлан үүсдэгтэй холбоотой.
Казакууд Их гэрийг "Кара шанграц", Бага гэрийг "Отау" гэсэн утгаар нэрлэдэг. Их гэрээ Алтайчууд Агаш-ааль, Якутад Урас гэдэг нь Монголоор өргөө харш гэсэн утгатай аж" гэх мэтийн урьд өмнө судалгаа шинжилгээний эргэлтэд огтхон ч орж байгаагүй баримтуудын талаар өгүүлсэн нь эрдэмтний эрэл хайгуулын үр дүн төдийгүй харьцуулсан арга зүйг сайтар эзэмшэснийг нь нотолно. Эдгээрээс өөр харьцуулга ч нэн олон байна.
Жишээлэхэд зөвхөн угийн бичгээ хөтлөх уламжлалыг Монгол, Солонгос, Казак, Орос, Хятад үндэснийхтэй харьцуулсан бол овгоо уламжлах ёсыг Монгол, Солонгос, Хятад, Японыхтой зэрэгцүүлэн авч үзсэн байх жишээтэй. Мөн эдгээр улс үндэстний өвөг дээдсээ хүндлэх, өв хөрөнгөө залгамжлах ёс заншлыг тодорхой жишээ баримтаар харьцуулан судалжээ.
Энэ бүхнээс үзэхэд энэ эрдэмтэн харьцуулсан судалгаанд гаршсан болох нь илэрхий байна. Энэ нь магадгүй дэлхий дахинаа, ялангуяа Ази, дорно дахины гэр бүлийн судалгаан дахь докторын арга зүйн шинэлчлэл ч гэж үзэж болох талтай.

                                                                                                        Д.Өлзийбаяр.   /Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, дэд профессор/
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats