Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дүнэлт
ГЭР БҮЛ, ЁС ЗАНШИЛ, ХАРИЛЦАА

Профессор Т.Намжилын "Монгол өрх гэрийн ёс заншил, харилцаа, аялал жуулчлал" /2007 он/, "Монгол гэр бүлийн ёс, уламжлал" /2005 он/ зэрэг бүтээлүүд гэр бүлийн хүрээн дэхь уламжлалт болон орчин үеийн зан үйл, харилцааг тусгасан байна. Гэхдээ судлаач угаасаа түүхч мэргэжилтэй хүн учраас түүхэн он цагтай холбон авч үзсэн нь судалгааг гүнзгийрүүлэх, тодорхойлох, ач холбогдлыг нь өргөн өгчээ.
Нэгдүгээрт. Монголчуудын нүүдлийн аж ахуй нь амьдралын нөхцөл байдал, хэв шинж, цаг улирал гээд олон зүйлтэй холбоотойг товчхон ч атугай судалсан нь ёс заншилтай холбох үндэслэл болж өгсөн арга зүйн шинжтэй юм.
Мөн нүүдэлчдийн орчин ихэд өөрчлөгдөж байгааг ч тодруулсан аж. Тухайлбал зохиогч, "Орчин үеийн нүүдэлчдийн гэр бүлд гарч байгаа нэг өөрчлөлт гэвэл эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд гарч эхэлсэн, гэр бүлийн хүрээнд чөлөөт сонголт, боломж өссөн, төрөлт багассан, хүмүүсийн ёс суртахуунд өөрчлөлт гарлаа. Өөр нэг өөрчлөлт гэвэл сүүлийн жилүүдэд малчид төдийлөн хол нүүдэллэхгүй болж байгаа нь бэлчээрийн мал аж ахуй хөгжих шинэ хандлага үүслээ.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн шинж байдалд өмнөх зуунуудаас хурдацтай еерчлелт гарч байна. Үүний нэг шалтгаан нь глобальчлалтай холбоотой.
Глобальчлал нь нүүдэлчид, малчид болон тэдний гэр бүлийн хувьд боловсрол эзэмших, мэдээлэл хүлээж авах ба солилцох, урлаг, соёл, спорт, бизнест еерийгее сорих, гадаад орчин, ертенцтэй танилцах зэрэг өргөн боломжийг нээж өгч байна. Ийм нөхцөлд үндэсний хэл, соёл, сэтгэлгээ, заншил, уламжлал өвөрмөгц содон өнгө төрх, төлөв байдлыг гажаалгүй, гээлгүй хойч үедээ евлүүлж үлдээх нь өнөөгийн бидний ирээдүйнхээ өмнө хүлээх үүрэг байх ёстой " гэх мэтээр дэлхий дахины үйл явцтай холбон тайлбарласан байна.
Мен нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв шинж болох хоёр онцлогийг шинжилсэн байна.
Нэгд
Нүүдэлчдийн буух нутаг газраа урьдчилан шинжиж товлох, шав тавих, дараа нь гэрээ буулгах, ачаалах, шинэ нутагт гэрээ барих, бусадтай айлсах (хөршлөх Д.Ө) зэрэг олон зан үйлийн өвөрмөц талыг дурдсан байна.
Жишээлбэл гэрээ буулгахдаа...
1. Бүслүүрээ авна.
2. Өрхөө буулгана
3. Дээвэр, цавгаа авна.
4. Эсгий туургыг хураана
5. Унь сугалана.
6. Ханыг эвхэж оосроор нь бооно.
"Ингэхдээ тооныг нүүх зүгрүүгээ буулгах ёстой" гэх мэтээр дэс дарааллыг зааж өгсөн нь энгийн мөн боловч залууст сургамжтай судалгаа мэт санагдана.Би хөдөө нутагт залуухан багш байв. Бид нэг айл нүүлгэж байхад хотоос ирсэн залуу бүсгүй гэрийн дотуур бүслүүрийг санамсаргүй тайлснаас болоод олон унь унаж золтой л тооно нь цөмөрчихөөгүй билээ. Харин гэрийн эзэд их л дургуйцэж байсныг би сайн санадаг юм. Энэ дурсамжийг бичихийн учир бол Намжил эрдэмтний бүтээл энгийн ардад ч сургамжтайг сануулах гэсэнд оршиж байгаа юм.
Хоёрт. Монголчуудын олон зуун жил дамжин ёслон тэмдэглэж ирсэн баяр наадмыг хэрэгжүүлэх зан үйлстэй холбон тайлбарласан байна. Тухайлбал Цагаан cap. цацал өргөх, мал хөнгөлөх, гүүний үрс гаргах, эсгий хийх, эрийн гурван наадам зэрэг зөвхөн монголчуудад л байдаг онцлог зан заншлыг өгүүлсэн ажээ.Тухайлбал малчны удмаа хадгалж яваа бага залууст хэрэг болоожин хэмээн хоёр эхийг бүрэн эхээр нь буулгав.

             Цацал өргөх ёсон
Энэ нь хуучин цагийн малчин ардын төлийн баяр юм. Цацал өргөх ёс нь хонь, үнээ, ингэ, гүү зэрэг мал төллөн, сааж эхлэх үеэр идээ цагаа элбэгтэй байхыг билгэдэн саасан сүүний дээжийг тэнгэр, газар, орчны уул, гол усанд өргөн, цацал өргөх ёс үйлддэг байжээ. Энэ ёс гол төлөв хаврын сүүл сард болдог. Энэ ёсыг хэрхэн үйлддэг бол? Ууган /анхны/ төл эхээс саасан сүүг хувинд хийж, ивээл /хоорондоо харш биш/ жилтэй эмэгтэй хүний нэг нь зүүн гар талдаа хувинтай сүүгээ барьж, нөгөө гартаа цацалын модон халбагаар хувинтай сүүнээс дээж авч, хуучин ойлголтын дагуу 99 тэнгэр, уул усанд өргөнө. Жишээ нь үнээний цацлын үед" гамшиг, үхэл, дээрэм, хулгай, зуд... үгүй болтугай" гэдэг. Цацал өргөх ёсыг ийнхүү үйлдээд гэртээ орж цай ууж, идээ идэцгээнэ.

             Мал хөнгөлөх ёсон
Зуны эхэн сард малаа хөнгөлдөг. Үүний учир юу вэ? Хээлтэгч, хээлтүүлэгчийн тооны харьцааг тохируулдагтай холбоотой. Энэ үед үйлддэг мал хөнгөлөх арга нь бод /адуу, тэмээ/, бог /хонь, ямаа/ малын онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Гэхдээ гүйцэтгэх зан үйл нь үндсэндээ адил юм. Энэ ёс хэрхэн хийгддэг вэ? Жишээ нь бог/ хурга, ишиг/ малыг хөнгөлөхөд гэрийн баруун талд эсгий /ширдэг/ дэвсэж, гэрийн баганыг хойт зүг харуулан тавина. Мал хөнгөлөх хүний баруун гарын ойролцоо хүүдийтэй шар будаа, хувинд цийдэм /усан дээр сүү хольсон/ хийж дээр нь даллагын сумыг уртааш / хойш, урагш/ тавина үүний дараа хурга, ишгээ хөнгөлнө. Хурга хөнгөлөх хүнд эхлээд "Халзан цагаан хурга" авчир гэнэ. Тэр хургыг хуц /хээлтүүлэгч/ болгох бол магнайг нь өрөм юмуу тарагны дээжээр мялааж, арцаар ариутгаад тавина.
Хоёрдугаарт. Докторын бүтээлд Монгол гэр бүлийн уламжлалт зан заншлыг өргөн тусгасан нь илт ажиглагдана. Тодруулбаас гал голомтоо дээдлэх, эр эм хүмүүс энгэр зөрүүлэх , үр хүүхдээ бүүвэйлэх, хүүхдийн угаалга үйлдэх, нэр өгөх, даахь авах (үргээх ч гэдэг Д.Ө), гэрт уях, морь унуулж сургах, зэрэг өрх гэрийн дотоодод байнга давтагддаг зан үйлийг судалсаны дээр айл хотонд буух (очих), зочныг угтах, айлд орох, суух, унтах, гарах, мориндоо мордох мэтийн айл гэрийн хүмүүсийн хоорондын ёс жаяг, дэглэм журмыг нийтийн харилцааны явцтай холбон судалжээ. Түүгээр ч үл барам найр хурмын хатуу зарчим, архи дарс уух ёс, бүр бурхан болоочийг хөдөөлүүлэх ёс заншлыг хүртэл судалсан нь аргагуй л гэр бүлийн амьдралын үйл явцыг өргөн хүрээнд авч үзсэнийг нь гэрчилнэ.
Өргөн олонд хэрэг болуужин хэмээх үүднээс нэг жишээ өгүүлье.
Монголчуудын (хүн хөдөөлүүлэх) оршуулах ёс нь.
Газар (авах) сонгох.
Зүг чиг эрхэмлэх
Эд өлгийн зүйлс дагалдуулах
Хойллого үйлдэх
Гал хэрэглэх ёсноос бүрэлдэж иржээ. Эдгээр нь эртний нүүдэлчдийн үлдээсэн үнэт соёлын илэрхийлэл юм. Ер нь ард түмний оршуулгын болон тахилгын ёслолын зан үйл нь нас барсан хүнээ хүндэтгэх, үдэх, дурсах утгыг агуулж байдаг байна.

Монголчууд нас барсан хүнээ:
Булшлах
Хөшөө таш босгох
 Чандар болгон хадгалах 
Хатааж занданшуулах
Ил задгай гээгдүүлэн оршуулах зэрэг олон янзын зан үйлтэй байсан аж. Эдгээрээс булшлах, хээр ил задгай оршуулах зан үйл нь илүү түгээмэл байжээ. Хуучин оршуулгын зан үйлд тухайн нийгмийн хүмүүсийн баян эгэл ардын ялгаатай байсан байдал ажиглагддаг тухай өгүүлжээ.
Гуравдугаарт. Зохиогчийн энэ бүтээлд Монгол гэр бүлийн зан заншил төдийгүй хоорондын харилцааг нөхөр эхнэр , хадам-бэр, хүргэн, эмээ өвөө,ач зээ ах, эгч нараа бие биенээ (хүүхэд-хүүхэд) эрхэмлэн хүндэтгэх уламжлалыг судлан шинжилсэн байх юм. Жишээлбэл айлын бэр болсон эхнэр хүн
 Бэр хүн хадмындаа анх орохдоо бурхан шүтээн , гал голомтонд мөргөдөг ёс Монголд эртнээс байжээ.
' Хадам эцгийнхтэйгээ нэг хот айлд суудаг бол бэр нь өглөө эрт босч өрхий нь татаж, цай чанаж өгдөг.
 Ахмадын үгийг сонсоно
 Нөхрөө дээдлэн хүндлэнэ.
■ Yp хүүхэддээ сайн эх байхыг голчлоно.
Монгол бэрийн ёсонд хадмындаа байхдаа цээрлэдэг олон зүйл байжээ.
Тухайлбал:
- Дархан бэр биш бол хадмын гэрийн араар явахгүй,
- Малгайгүй, хөл нүцгэн, нөмгөн хадмындаа орж болохгүй,
- Гэрт ба гэрийн гадаа дуулах, гиншихгүй,
- Хадмын дэргэд бие засахгүй,
- Хөлөө ил гаргаж, хормой задгай хаях цээртэй учир хормой тунтарч, хөлөө далд хийж суух гэх мэт олон зан үйлийг гүйцэтгэж байсан, гүйцэтгэсээр ч ирсэн ажээ. Энэ бол Монгол ёс суртахууны онцлог, ахас ихсээ хүндэтгэх сэтгэлийн дотоод мөн чанар байжээ. Эдүгээ эдгээрийн зарим нь цагийн жамаар гээгдэн алга болсон авч ихэнх нь үлдэн хоцорсон нь бахдалтай.
Өөр нэг сонирхолтой зан үйл бол, монгол эхнэр хүний тухайд "Дархан бэр", "Бэрийг дархлах" гэсэн ойлголт байдаг. Энэ нь Монголын үндэстэн ястан бүрт өөр өөр үзэл санааг агуулдаг байна. Жишээлэхэд төв халхад завсаргүй гурван хүү төрүүлсэн бүсгүйг нэрлэдэг бол дархад ястанд том хүүгийн эхнэр буюу ууган бэрийг нэрлэнэ. Гэтэл урианхай ястанд бэрийг дархлан найр наадам үүсгэдэг аж. Энэ бүхнээс үүдэн Намжил доктор "Үүний учир нь нүүдлийн иргэншилт Монголчуудын хувьд ажиллах хүч, түүний дотроос эрэгтэй хүний, ялангуяа дайн тулаан, эх орноо хамгаалах үйлс зэрэгт гол үүрэг гүйцэтгэдэгтэй, нөгөө талаар гал голомт, эд хөрөнгөө өвлүүлэх, эр хүнийг хүндэтгэх дээдлэхтэй холбоотой болов уу" гэсэн таамаглал дэвшүүлсэн нь үнэний үндэстэй мэт санагдана.
Мөн өрхийн тэргүүн гэрийн эзэн эр хүний олон сайн шинж байдаг болохыг орхисонгүй.
Дөрөвдүгээрт. Т. Намжил эрдэмтний аль ч бүтээлийг ажиглахад зэрэгцүүлсэн судалгаанд гаршсан хүн юм. Үүнийг энэхүү номын IV буюу "Улс орны харилцааны ёс журам, онцлог" бүлэг бэлэн хэлээд өгч байна.
Уг бүлэгт: Алс дорнот, Ойрхи дорнод, Америк, баруун Европ гээд өрнө дорны томоохон орнуудын гэр бүлийн харилцааг зэрэгцүүлэн толилуулсан байна. Чухам эндээс судлаачийн олон талын эрэл хайгуул, мэдлэг боловсрол, нөр их хөдөлмөрч шинж чанар танигдана. Жишээлбэл нэгэн зүйр үгийг агуулгаар нь авч үзвэл:
Монгол:                       "Ураг садны хол нь сайн
                                       Ус аргалын ойр нь сайн"
Энэтхэг:                       "Холын садангаас
                                       Ойрын нөхөр"
Япон:                          "Холын саднаас,
                                      Ойрын танил дээр"
Орос:                           "Холын төрлөөс
                                      Ойрын айл дээр"
Перс:                           "Холын ах дүүгээс
                                       Ойрын айл"
Солонгос:                  "Холын төрлөөс
                                       Ойрын айл"
Хятад:                         "Холын төрлөөс
                                       Ойрын айл дээр"
Энэтхэг:                      "Муу төрлөөс
                                      Сайн хөрш" гэсэн байдлаар илэрхийлсээр иржээ. Эдгээр нь утгын хувьд ойролцоо атлаа, өгүүлэмжийн талаас өөр өөр байгаа нь илт мэдрэгдэнэ. Харин энэ бүхнийг олж харьцуулахад л судлаачийн ажиглалт оршиж байгаа юм.
Мөн шинэ жилийг тэмдэглэх үйл явцыг гэхэд Солонгос, Япон, Герман, Англи, Казак, Франц зэрэг өрнө, дорнын ард түмнүүдийн ёс заншлыг судлан тодотгожээ. Ази, Европын эдгээр улс үндэстнүүд баярлаж хөөрч байгаа нь адилхан боловч түүнийгээ илэрхийлэх ёс заншил, үйл ажиллагаа нь өөр өөр байдагсанж. Чухам үүнд л улс үндэстнүүдийн гэр бүлийн баярлан хегжих нийлэмжтэй болон ялгаатай тал нь харагддаг байна. Иш татан өгүүлбээс Япон улсад:
Ощёгацу: Японы Ощёгацу /цагаан cap/ нь эртний уламжлалт үндэсний том баярын тоонд зүй ёсоор ордог баяр юм. Эзэн хаан цагаан сараар бүх ард түмэн, ахмад хүмүүстээ урт удаан наслахыг ерөөж ёслол хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгдөг. Энэ нь монголынхтой тун төстэй. Монгол Улсын Төрийн тэргүүн ард түмэндээ хандан үг хэлж, хамгийн өндөр настай хүмүүст гарын бэлэг өгдөг.
Баярын битүүнийг /японоор оомисока гэдэг/ хийдэг. Гэр орноо цэвэрлэдэг нь Монголд ч, Японд ч муу бүхнийг хөөж, цэвэр ариун байхын бэлгэдэл болдог гэж үздэг.
Монголчууд бууз, идээ, тарган хонины ууцыг тавьдаг нь мал сүрэг өсөн дэвжээсэй гэсэн утгатай. Идээний дээж архи, цагаан идээ
/цагаан/-ээр ширээгээ чимдэг.
Японд цагаан будаагаар хийсэн "озооны, осучирёри" хэмээгдэх , "отосо" архийг гэр бүлээрээ цуглан идэж уудаг. "Оомисока" / битүүний орой/ "Тошикоми соба" гэдэг нэртэй хоолоо идэж, хамгийн нэр хүндтэй сүмийнхээ хонхны дууг телевиз, радиогоор сонсож шинэ жилээ угтдаг.
Хүмүүс олноороо талбайдаа цуглан 00 цаг 01 минут болохыг хүлээн гэрийнхээ гадаа зогсцгоодог. Нэгдүгээр сарынхаа эхний өдрийг "ганжицү" гэж нэрлэх болсон, энэ өглөө гэр бүлээрээ цугларч "отосо" /архи/ уун, "Осэчи" /загас/-аар цагаалдаг.
Японд шинийн нэгэн нь маш хариуцлагатай. Энэ нь нэг жилийн эхлэлийг илэрхийлэх чухал өдөр болдог. Энэ өдрүүдэд аз жаргал, хийморио даатган, сүм дуганд мөргөл үйлддэг. Сүмийн хонхыг 108 удаа цохихоор хүмүүс дараалал үүсгэн зогсцгоодог. Энэ нь хүний сэтгэл зүрх, биенд шингээсэн муу юм бүхэн арилна гэж боддогтой холбоотой. Сүмийн хонхны дууг сонсдог нь ариусч байна гэсэн утгатай. Бага насны хүүхдүүдэд, эцэг, эхдээ Отошидама гэдэг бэлэг өгдөг.
Шинийн нэгний өдөр настан буурлуудтайгаа очиж золгоно. Жигнэн нүдээд хатааж хийсэн Омогигоо баяр дууссаны дараа гэр бүлээрээ хуваан идэцгээдэг.
Монголтой адил ахмад хүмүүс, садан төрөл, найз нөхдийнхөөрөө зочилно. Энэ өдөр Монгол, Япон орны аль алинд хэрүүл маргааныг тэвчин цээрлэдэг.
Японы шинэ жил /ощёгацү/ , монголчуудын цагаан сартай адил төстэй ч, бас ялгаатай талтай байдаг бол Англи улсад:
Кристмас: Англид Кристмас нь хамгийн том, гол баяр байдаг бөгөөд Монголд "цагаан cap" үндэсний маш том баяр юм. Эдгээр баярт адил төстэй талууд байдаг.
 Тэмдэглэдэг cap, өдрийн хувьд зөрөөтэй боловч монголчууд цагаан сарын өмнөх өдрийг "Битүүн" гэж хүндэтгэн нэрлэдэг шиг, Англичууд Кристмасын урьдах өдрийг буюу 12 сарын 24-нийг "Christ¬mas Eke" гэж нэрлэдэг бөгөөд Монголчуудын нэгэн адил ёслон төгөлдөр тэмдэглэдэг байна.
 Монголчууд цагаан сарын үеэр цагаан өнгийг ихэд эрхэмлэдэг. Үүний нэгэн адил Англичууд Кристмасын үед эрхэмлэдэг өнгө бол улаан ба ногоон өнгө юм.
 Англичууд Кристмасын үеэр гэр бүл, найз нөхөд болон ойр дотны хүмүүстээ мэндчилгээ илгээдэг ба илгээлтийн дээр нь улаан чимэглэлтэй ногоон мод зэрэг эрхэмлэдэг енгеерее зурсан зүйлсууд байдаг. Энэ нь Монголчууд бие биетэйгээ золгодог ёс заншилтай төстэй юм.
 Монгол, Англид энэ баярын үеэр бие биедээ ялангуяа хүүхдэд бэлэг өгдөг уламжлалтай.
 Баярын өдрүүдэд хамгийн гоё хувцас емсч, элбэг дэлбэг хооллодог нь төстэй.
Англичууд Кристмасын баярт бүр 11 дүгээр сараас эхэлж бэлддэг ба их хэмжээний мөнгө зарцуулдаг. Тэд Кристмасын үеийг "season of loke" /хайрын улирал/ гэж нэрлээд хүмүүс бие биеэ хүндэтгэн хайрладаг бол Монголчууд ч мөн адил цагаан сарын үеэр бие биетэйгээ хэрэлдэхгүй , хүн ба амьтан бүгдийг хайрлан үздэг.
 Монголчууд цагаан сарын шинийн нэгнийг ирж буй жилийн хамгийн сайн өдөр гэж үздэг бол Англичууд мөн адил 12 дугаар сарын 25-г "best time of the year" гэж үздэг байна.
 Англичууд Кристмасын үеэр "Есус Крист"-ийг дэлхийд ирдэг гэж үздэг ба Кристмасын өмнөх өдөр хүмүүс сүмд очдог байна. Монголчууд мөн адил ихэвчлэн битүүнд сүм хийдэд очдог ба тэр өдөр "лхам" бурхан айл бүхэнд залардаг гэж үздэг.
 Бас нэг төстэй зүйл бол баярын үеийн зоог юм. Англичууд Кристмасын үеэр ширээндээ шувууны мах, ялангуяа цацагт хяруул, эсвэл галуу тавьдаг ба Монголчууд хонины ууц тавина. Англи, Монголчууд аль аль нь баярын үеэр хамгийн тансаг сайхан ширээ засдаг байна.
Монголчууд битүүнд "битүүлэг" хийдэг шиг Англичууд Кристмасын өдөр гэр бүлээрээ, мөн найз нөхөд, ойр дотны хүмүүс цугларч зоог барин, инээлдэн хөгжилддөг байна. Үүнийгээ тэд "Christ¬mas pudding" гэж нэрлэдэг бөгөөд олон янзын хоол багтдаг гэх мэтээр жишин харьцуулсан байх юм.Өөрөөр хэлбэл судалгааны энэ бүтээлд бидний сайн мэддэг цагаан cap (шинэ жил. Д.О) Ази, Европын бусад улсынхтай хамт танигдаж, улмаар шинэ мэдээлэл өгч байгаагаараа онцлог юм. Чухамдаа энэ нь л Намжил докторын бүтээл уламжлал, шинэчлэлийг хослуулан шинжилснийг төвөггүй нотолж байна.
Тавдугаарт. Намжил докторын энэ ганц сэдэвт зохиолд Алс дорнод, Ойрхи дорнод, Америк, Баруун Европ, Африк зэрэг дэлхийн бараг тив бүхний гол үндэстнүүдийн гэр бүлийн төдийгүй зан заншлын өвөрмөц онцлог талыг харьцуулан судласан нь Монголдоо бас л анхны шинжилгээ болсон байна. Ялангуяа улс хоорондын харилцаа өргөжиж байгаа энэ үед харилцааны соёлыг илүүтэй авч үзсэн нь бүр ч шинэлэг юм. (жич: анхны, шинэлэг гэдэг үгийг олон дахин хэрэглэхээс өөр аргагүй болсноо хүлээе. Д.Ө) Тухайлбал тухайн улс үндэстний зан заншилд байдаг болгоомжлох, цэрвэх үзэл санааг авч үзвэл Япончууд цагаан өнгө үхлийг илэрхийлдэг хэмээн үзэх тул бэлгийг цагаан цаасаар боодоггүй, хятадууд ханын цаг оршуулгыг илэрхийлдэг тул бэлэглэдэггүй зэрэг сонин гэмээр зан заншилтай байдаг ажээ.
Зургаадугаарт. Докторын маань энэ суурь судалгаа өрх гэрийн харилцааны хүрээнээс хальж, улс үндэстнүүдийн улс төр, эдийн засаг, ахуйн болон оюуны соёлын харилцаа руу шилжиж, бүр тодруулбал бизнесийн болон дипломат ёс зүйн харилцааг судалсан нь даяарших, ойртон нягтрах үйл явц өргөжиж байгаа өнөө үед салбарын судалгааг дэлхий дахинтай холбон гүнзгийрүүлсэн байна. Олон жишээ дурдаж болох авч товчлон "Америкчуудийн давамгайлсан шинж бол маш их хүсэл эрмэлзлэлтэй, шавхагдашгүй эрч хүчтэй, үлэмж санаачлагатай, тэвчээртэй, бие даасан мэдрэмжтэй, их идэвхитэй, ёс суртахууны тогтвортой шинжтэй, нэр төр, үүргээ сайн мэддэг хүмүүс юм" гэх буюу "Африкчууд их мэдрэмжтэй тэдэнд хандаж буй үнэн сэтгэлийг хуурамчаас маш сайн ялгадаг. Харилцагчийн үнэн сэтгэлийг мэдрэнгүүт бүр наалдаж орхино" гэх зэргээр бичсэнийг дурдаад завсарлая.
Мөнөөхөн орон орны хүн ардын зан заншилд байдаг ялимгүй гэж болох сул тал дутагдал доголдлыг ч судалж үзсэн нь ялангуяа ахмад, залуу бизнесменүүдэд (наймаачдад) үлэмж хэрэгтэй, мэдүүштэй зүйл мэтээ.
Долоодугаарт. Энэхүү ганц сэдэвт зохиолын сүүлчийн бүлэг нь "Аялал жуулчлал, үйлчилгээ" гэсэн нэртэй юм. Уг бүлэгт өгүүлснээр аялал жуулчлал эрхлэх хүмүүс, орчин нөхцлийг хүмүүст сэтгэлд нийцтэйгээр бүрдүүлэх төдийгүй сэтгэл ханамжийг (энэ нь тухайн аялагчийн зан заншил, ёс зүйн онцлогийг урьдчилан мэдэж судалсан байх ёстой гэсэн санаа аж) мэдрэх, нөөц бололцоог судлан тогтоох, ашиглах, өрсөлдөгчийнхөө онцлог байдлыг мэдэх, үүнийхээ үндсэнд хэрхэн харилцах аргаа боловсруулах зэрэг асуудлыг хөндсөн байна. Харин харилцааны соёлын тухайд өмнөх бүлгүүдээс ялгарах юм цөөн байлаа. Гэхдээ Монголчууд гадаадын хүнтэй харилцах, ялангуяа тэдэнд улс үндэстнийхээ өвөрмөц зан үйлийг танилцуулах талаар оновчтой сонирхолтой асуулт бэлтгэж өгсөн нь энэ талын ажил эрхлэгчдэд гарын авлага болохүйц байна. Тухайлбал "Гэрээ яагаад урагш харуулж барьдаг юм бол", "Монгол хүн баруун гар, баруун талаа их эрхэмлэх юм. Яагаад ингэдэг юм бол", "Нүүдлийн гэр юугаараа ялгаатай вэ", "Гэрээ нар зөв тойрдогийн учир юу вэ" гэх мэтийн олон асуулт бол гадаадын хүний сонирхох зүйл (асуулт), ганцхан Монгол хүн л хариулж чадах зан үйлийн онцлог болно. Мөн Монгол айлд (гэрт) морилон орох, гэрийн эзэдтэй харилцах талаар дурдсан бүхнийг овсгоотой хүмүүс (бизнесменүүд) зохиогчтой зөвшилцөн гадаад (Англи, Франц, Орос, Хятад, Япон, Солонгос гм) хэлээр орчуулбал зохилтой мэт санагдсаныг зориуд тэмдэглэх минь.
Гэр бүл судлаач доктор, профессор Т. Намжилын суурь судалгааны бүтээлүүдийн талаар цөөн үг хэлсэн маань энэ бүлгээ. Гэвч энэ томоохон бүтээлүүд гэнэт төрчихөөгүй юм. Олон жилийн судалгаа, ажиглалт, олон удаагийн бичих, туурвих цаг хугацааны үр дүн байдаг билээ. Үүнийг Т.Намжилын "Гэр бүл судлал -1" (2004он), "Монгол гэр бүл-орчин үе-2" (2008он) томоохон бүтээлд орсон олон арван өгүүллүүд нотолно. Үүнийг бид давтахыг хүссэнгүй.
Харин эрдэмтэн хoнд байдаг онцгой нэгэн чанарыг энд тусгайлан үзэхийг хичээв. Энэ бол эрдэмтэн хүн шинжлэх ухааны суурь бүтээл хийхийн зэрэгцээ ард түмнээ ямагт гэгээрүүлж, боловсруулж байдаг нь Т.Намжилд илүү хамаарагдаж байгаа нь ажиглагдана. Ялангуяа төвийн хэвлэлд өгсөн олон тооны ярилцлага нь орчин үеийн Монгол гэр бүлийн ёс зүйн олон асуудалд хариу өгч байна. Тухайлбал Монголчуудын уламжлалд байсан сүй тавих ёсыг, олон эхнэр, нөхөртэй байх үзэгдлийг энэ эрдэмтэн эрс хатуу эсэргүүцэж байна. Энэ нь хөрөнгө мөнгөний талруу хэт хэлбийх, үр хүүхдийн хүмүүжилд хор нөлөө үзүүлэх сөрөг талтай гэдэгтэй иргэн хүний хувьд ч, эрдэмтэн хүний хувьд ч, эцэг хүний хувьд би санал нэгтэй байна.
Мөн Намжил эрдэмтэн гэр бүлийн салалтаас болж хүүхдийн хүмүүжил, боловсрол доройтож байгаад санаа зовж явдгаа, янхны газар байгуулж ажиллуулахад буруудах юм байхгүй гэх зэргээр өнөөгийн амьдралын өнгө аясыг ард түмэндээ учирлан үндэслэлийг нь гарган тайлбарласан байх юм. Бүүр мартагдсан гэж болмоор зүйлийг эргүүлэн сануулсан ч байх шиг. Нэгэн жишээ хэлбэл "Би олон орны хүүхдийн өлгийг харсан. Манай өлгий тэднээс өөр, өлгийдөх хатуу дэглэмтэй. Жавхайтал гурав ороож, толгойг нь хумайлгаж өлгийддөг. Хүүхэд өлгийдөө суниаж царай нь улаа бутраад эрүүл чийрэг өсдөг юм. Энэ нь хүүхдийг гадны аюулаас хамгаалдаг. Уг чанартаа өлгий хүүхдийг чангалж өгдөг, өсөлтөд нь огтхон ч саад болдоггүй. Манай хүүхдүүд булчинлаг чанга биетэй байдгийн нэг нууц нь энд буй. Өлгийнөөсөө гараа авах гэж оролдох нь нярай хүүхдэд дасгал болдог. Олуул байх тусам хүүхдийн өсөлт хөгжилтөд түлхэц өгнө. Хүүхдийн хоорондын харилцаа шиг дотно зүйл үгүй. Тэд илэн далангүйгээр хоорондоо маш их мэдээлэл солилцдог. Ууган хүүхдээ аав, ээж, өвөө, эмээ нь сайн хүмүүжүүлнэ. Тэр нь дүүгээ сургана. Олуул байснаас хамтач, эвсэг болно. Yr дааж, олны дунд бие авч явж сурна" гэх мэтээр яах аргагуй Монгол ахуй амьдралаас урган гарсан, Монгол амьдралд он удаан жил хэвшсэн, эдүгээ гээгдэж цөөрч магадгүй гэсэн юм олон байна.
Судлаачийн ажил бол явц дундаа ямагт сайжран тэнхэрч байдаг зүйл билээ. Т.Намжилын докторын "Монгол өрх (гэр) бүлийн ёс заншлын бага тайлбар толь" (2008 И.Нарантуяагийн хамт ) нь түүний олон жилийн судалгааны үр дүнд аажимдаа ч төрсөн болов уу гэсэн сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс ч "Их (гэр) бүл, ураг төрөл", "Гэрлэлт, өрх (гэр) бүл, "Өрх гэр, хот айл-ёс заншил", "Хүндлэл", зан араншин, өөрчлөлт (хувиралт) , "Yp хүүхдийн язгуур (суурь) орчин", "Сурган хүмүүжүүлэл" гэх зэргээр нарийвчлан заагласан нь уг толийн агуулгыг өргөтгөсөн тул хэрэглэгчдийн мэдлэгийн багтаамжийг тэлэх ач холбогдолтой юм. Мөн хэсэг бүрт тодорхой ишлэлээр дэм өгсөн нь ч ойлголтыг лавшруулж байна. Энэ толь бичгийн хамгийн сонирхолтой нэг онцлог бол Монгол гэр бүлийн зарим давтагдашгүй зан заншлыг нэр томьёоны хэмжээнд бус арай дэлгэрэнгүй тайлбарласан явдал юм. Үүнийг батлахын тулд уншигч танд арай сонирхолтой болов уу гэсэн хоёр баримтыг товчлолгүйгээр толилуулья.
                    Дархан бэр
Монгол улс, олон үндэстэн ястны ёс заншилд" Дархан бэр"-ийн тухай ойлголт өөр өөрийн ёс уламжлалтай байсан түүхтэй. Тев халх ёсонд айлд бэр болж очоод овгоо өнөр өтгөн болгосон, гурван (зарим нутагт таван) хүү завсаргүй төрүүлсэн эхийг "Дархан бэр" болгон цоллодог, хүндэтгэдэг байжээ. Ийм заншил тев Азид дэлгэрчээ.
Бэр дархлах ёс нь бэр бэрлэх, бэрээ хүндлэх, цээр татлах гэсэн хэсгээс тогтдог байна. Урианхай ардын элгэн ёсонд бэр дархлах томоохон ёслол байжээ. Дархад ястны ёс заншилд хамгийн том хүүгийн эхнэр буюу айлын ууган бэрийг "Дархан бэр" гэдэг ёстой аж.
Дархан бэр гэдэг бол Монголчуудын хувьд зүй ёсоор хайрлан хүндэлж явдаг эмэгтэй, эх хүн юм.

                  "Шөл уулгах" Монгол арга
Эх хүнийг амаржингуут шөл уулгахаар зүсэлсэн хонио гаргадаг. Махан хоол идүүлж, шөл уулгадаг. Дархад юм уу, Дорнод нутгийн Халх гол хавиар загасны махаар шөл хийж уулгадаг байжээ.
"Шөл уулгах" гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд сэргээн тэнхрүүлэх, шинээр мэндэлсэн үрийг эрүүл чийрэг бойжуулах Монгол арга юм.
Энэ нь Монгол орон бол эмийн ургамлаар баян, бэлчээрийн мал түүнийг нь олж идээд мах, сүүгээ эм болгон боловсруулдаг уламжлалтай холбоотой.
Ерөөс энэ толь нь сүүлийн үед эх монгол хэлээ мартагнаж байгаа залуу гэр бүлд гарын авлага болохүйц эх хэрэглэгдэхүүн болжээ.

 Д.Өлзийбаяр.  /Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, дэд профессор/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats