Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НАМТАРЫН ТОВЧООН
Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны доктор, профессор Боржигин-Тулга овогт Төмөр-Очирын Намжил модон тахиа жил Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төржээ.
Тэрээр бусдын адил хөдөө нутагт эхийнхээ хайр энхрийлэлд хурга, ишиг эргүүлэн бага насаа өнгөрөөгөөд сумын сургуульд орсон байна.
Дунд сургуулиа төгссөн хүү нийслэлийг зорихдоо "Барилгын техникум ' гэсэн нэгэн айлын томилолт өвөртлөн явжээ.
Тэр буянтай сайхан сургуульд гурван жил /1960-1963он/ суралцан, "Барилгын техникч" хэмээх цөөхөн бөгөөд шинэхэн мэргэжлийн диплом гардсан 17-хон настай бяцхан хүү тэр цагийн нам, төрийн томилолтоор Дорнот аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийн хичээлийн эрхлэгч хэмээх өндөр алба хаших болсон байна. Энэ бол түүний ажил амьдралын анхны гараа байлаа. Дорнын хязгаарт ийнхүү хэдэн жил ажиллаад нутагтаа томилолтоор ирж эвлэлийн ажил эрхлэх болов. Тэр цагийн эвлэлийн ажил гэдэг оролцохгүй юм байхгүй байсан үе. Хадлан тариалан, төл мал, байшин барилга, хашаа саравч, кино концерт гээд л...
Тэр бүхнийг амжуулахад сумын эвлэлийн үүрийн дарга, аймгийн эвлэлийн хорооны зааварлагчаар Т.Намжил идэвхтэй ажиллаж, чадамгай зохион байгуулж байлаа.
Тийм учраас залуу хүүг аймгийн удирдлагууд дэмжиж Намын дээд сургуульд /1967-1969он/суралцуулах болсон нь олон нийтийн ажлыг удирдан зохион байгуулах, төлөвлөх, санаачлах, хийх бүтээх онолын үндэслэлийг сургаж өгчээ.
Т.Намжил залуу хүний хувьд бүрэн дээд боловсрол эзэмших хүсэлд автаж байлаа. Энэ тухайгаа аймгийн нам, эвлэл, захиргааны дарга нарт дуулгаж амжив. Хүсэл нь 1973 онд биелж, анх удаа нээгдсэн УБДС-ийн түүх,пионерийн удирдагчийн ангид орох нь тэр. Оюутны дөрвөн жил харвасан сум мэт өнгөрч, 1977 онд сургуулиа дүүргэн төрөлх сургуульдаа түүхийн багшаар ажиллах болжээ.
Түүнд лекц уншихын зэрэгцээ оюутны курс, дипломын ажил удирдах гээд ажил мундахгүй.
Энэ цагт эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолд хөтлөгдөх болов. Угаасаа эвлэл, пионерийн /сургуулийн/ ажил хийж байсан тул багш нартайгаа зөвлөлдсөний үндсэнд тодорхой сэдэв сонгож судалгаа хийж эхлэв. Олон жилийн судалгааны үр дүн гарч "Монголын түүхийн хичээлд эх оронч уламжлалыг ашиглах нь" сэдвээр Сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг 1994 онд хамгаалав.
Хичээлээ заагаад янз бүрийн сэдэвт бүтээл уншиж явсан нас тогтсон эрдэмтэнд цаашид эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх хүсэл нь бадарсаар байв.
Угаасаа түүхийн мэргэжлийн хүн тул элдвийг уншсаар, харьцуулж судалсаар, бодож боловсруулсаар явтал Монголчуудын гэр бүлийн асуудал анхаарал татаж хорхойсуулав.
Энэ нь бас сонирхолтой ерөөсөө судлагдаагүй сэдэв байлаа.
Т.Намжил энэ ажлыг тун хурдан, нөр хичээнгүй шамдан онол түүхийн талаас сайтар судлан "Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлал, түүнийг Зүүн хойт Азийн орнуудынхтай харьцуулан судалсан нь" сэдвээр Сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааны докторын зэрэг 1997 онд хамгаалав.
Т.Намжил МУБИС, ХИС зэрэг боловсролын орчин нэр хүндтэй том сургуулиудад багш, тэнхмийн эрхлэгч, салбар сургуулийн захирал зэрэг ажлыг хаших болов.
Профессор Т.Намжил Монгол орны нийгмийн хэрэгцээ шаардлагыг гярхай харж, 2003 оноос Монгол-Солонгосын хамтарсан Улаанбаатар дээд сургуульд Гэр бүл судлаач бэлтгэх мэргэжлийн анги санаачлан нээж, Монгол гэр бүлийн мэргэжлээр олон залуу мэргэжилтэн бэлтгэн гаргаж эхэлжээ. Энэхүү шинэ мэргэжлээр эдүүгээ 140 гаруй хүн бэлтгэгдэж олон оюутан суралцаж, цөөнгүй хүмүүс магистрантурт элсэн суралцаж байна. Уг ангийг Төгсөгчид гол төлөв үндсэн мэргэжлээ түшин хот, хөдөөгийн төрийн болон төрийн бус байгууллагад алба хашиж байна.
Доктор, профессор Т.Намжил их, дээд сургуульд хичээл заахын зэрэгцээ сурган хүмүүжүүлэх ухаан, гэр бүл судлалын чиглэлээр, дэд доктор магистр болон бакалаврын олон тооны ажил удирдсаар байна.
Түүнчлэн Монгол Улсын Еренхийлегчийн дэргэдэх Эрдэмтдийн ёс заншил, уламжлалын салбар зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Олон улс судлал, Боловсрол судлал, Хүмүүнлэгийн ухаанаар Боловсролын болон
Шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн гээд олон сонгуульт ажлыг ер түүртэхгүй амжуулж явдаг юм. "Түүнтэй хамт ажиллахад мань мэт нь ичмээрдээ.Намуухан намуухан дуугараад л нэг мэдэхэд л өдий төдий ажил амжуулчихсан байдаг юм" гэж гавьяат багш Ц.Төвшинтөгс нэгэнтээ хуучилсан нь үүний гэрч биз.
Т.Намжил профессорын судалгааны ажил нь богино хугацаанд Монгол гэр бүлийн нэр хүндийг олж, нийт ард түмний хүртээл болсоор ирлээ. Энэ нь тухайн салбарынхаа эрдэм судлалын индэр шинээр бий болгохыг хичээсэн нь түүний санаачлан эрхлэн гаргаж байгаа "Монгол гэр бүл" сэтгүүл болой. Мань мэт нь хүртэл "Монгол гэр бүл"-ийн сэтгүүлийн хуудаснаа нэг бус санаа бодлоо илэрхийлсэн, "Монгол гэр бүл" сэтгүүл эрүүл чийрэг торнин бойжиж таван ой өнгөрөөд явж байна.
Т.Намжил докторын бүтээлийг Төр засгаас үнэлж, Алтан гадас /2002он/ одонгоор шагнасан байна.
Т.Намжил профессорын эрдэм шинжилгээний бүтээл туурвил олон талтайг түүнд хүртээсэн Ардын боловсрол, Шинжлэх ухаан, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр, Аялал жуулчлалын зэрэг салбарын байгууллагын "Тэргүүний ажилтан цол" Засгийн газрын шагнал гэрчилж байна.
Гэр бүл судлаачийн халуун ам бүл Хан-Уул дүүрэг, Нийслэл хот болоод Улсын "Тэргүүний гэр бүл" хүндэт өргөмжлөл хүртжээ. Энэ нь гэр бүл судлаач хүнд байвал зохих бас нэг үлгэр дууриалалт чанар гэлтэй.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats